Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-05-27 21:39:22

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын

                                                    2019 оны 04  сарын  -ны өдрийн  дугаар

                     тушаалын нэгдүгээр хавсралт

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

 

Нэг.  Нийтлэг үндэслэл

 

1.1. Санхүүгийн хяналт, аудитын алба /цаашид алба гэх/-ны  Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь төрийн  албыг  бүрдүүлэх, шуурхай  үр  дүнтэй  удирдах төрийн  албан  хаагчийн  үйл  ажиллагааг  оновчтой зөв зохион  байгуулах, төрийн албан хаагчаас  албан  үүрэгтээ  чадварлаг  идэвхи санаачилгатай хандах, үйл  ажиллагаагаа төрийн албаны  стандартын  дагуу  явуулах төрийн албыг зохион байгуулахтай холбогдсон бусад харилцааг  зохицуулахад  оршино.   

1.2. Алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдлөг болгон ажиллана.

Хоёр.  Ажилтныг төрийн албанд томилох

 

2.1. Төрийн  захиргааны албан  тушаалын  сул  орон  тоонд ажилтныг авахдаа   Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар  зүйлд  заасны  дагуу төрийн жинхэнэ албан хаагчдаас болон нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс шалгаруулж авна.

            2.2. Төрийн  алба  хаах  болзол  журам  хангасан  иргэнийг тухайн  албан  тушаалд  томилон  албаны  дарга  тушаал  гаргана.    

2.3. Төрийн  үйлчилгээний  албан  тушаалд иргэнийг авахдаа сул орон тоог нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтаар тэнцсэн иргэнтэй хөдөлмөрийн  гэрээ  байгуулан түүнийг үндэслэн албаны  даргын тушаал гарган баталгаажуулна.

2.4. Төрийн үйлчилгээний албан хаагчидтай Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээний гол болон бусад нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулна. Гэрээ нь албаны дарга болон ажилтан гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээний заалтыг аль нэг тал дангаараа өөрчилж болохгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдол бүрт уг албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:

а) ажлын байрны буюу албан тушаалын нэр;

б) албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, үүрэг;

в) үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;

г) хөдөлмөрийн нөхцөл;

д) ажлын цаг;

2.5. Төрийн албанд ажилд орохоор хүсэлт гаргасан иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

а) төрийн албан хаагчийн биеийн байцаалт /маягт ¹1/;

б) ажилд орохыг хүссэн өргөдөл

в) боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн  хуулбар;

г) иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

д) нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

е) төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн тухай болон төрийн албаны тангараг өргөсөн тухай материал (төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй);

з) гурван үеийн товч намтар;

ж) 3*4-ийн харьцаатай 4 хувь зураг;

2.6. Анх орсон төрийн албан хаагчид байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог хууль тогтоомж, энэхүү хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомж, шийдвэрийг танилцуулж, шаардлагатай гэж үзвэл нууцын баталгаа гаргуулна.

            2.7. Ажил гүйцэтгэсэн өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хувийн хэрэг хөтөлнө. Ажилтны хувийн хэрэг хөтлөлт Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан журамд нийцсэн байна.

2.8. Шаардлагатай тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, үйлчилгээний албан тушаал хавсран ажиллах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 42, 43  дугаар зүйлд заасны дагуу албаны даргын тушаалаар шийдвэрлэх бөгөөд цалингийн зөрүү болон нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгоно.

2.9. Албаны үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ажил, үүргийг гүйцэтгүүлэхээр иргэдтэй байнгын бус ажлын байранд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж болно.

Гурав. Ажлаас түр чөлөөлөх, ажлаас чөлөөлөх, халах, сэлгэн буюу, шилжүүлэн ажиллуулах

3.1. Албан тушаал бууруулах, ажлаас түр буюу бүр чөлөөлөх

3.1.1. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулж болно.

3.1.2. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажилтныг эрхэлж буй үүрэгт ажлаас түр, 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, 46.4, 46.5-д заасан үндэслэлээр чөлөөлнө.

3.2. Ажилтныг сэлгэн буюу шилжүүлэн ажиллуулах

3.2.1. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.

3.2.2. Ажилтныг өөрийнх нь зөвшөөрснөөр тухайн байгууллагын удирдлагатай тохиролцож, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хугацаагаар төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулж болно.

3.3. Ажилтныг үүрэгт ажлаас халах

3.3.1. Төрийн захиргааны албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.3, 47.1.4, 47.2 дахь заалт, төрийн үйлчилгээний албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-37.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг үндэслэн захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх буюу хална.

3.3.2. Энэ журмын 3.1, 3.2, 3.3.1 дэх заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд албаны даргын шийдвэрийг тушаалаар баталгаажуулж холбогдох тооцоог хийнэ.

3.3.3. Тушаалд ажлаас түр чөлөөлсөн, сэлгэн болон шилжүүлэн ажиллуулсан, чөлөөлсөн, халсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичнэ. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.

3.3.4. Ажлаас чөлөөлөгдөж, сэлгэн болон шилжүүлэн  ажиллаж, халагдаж буй ажилтан хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичиг /цаасан болон компьютерт хадгалагдаж буй албан ажлын хэрэгцээний файл/, ажил үүргийг нь хүлээн авч буй ажилтанд, ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд харьяалах ажилтанд тэмдэглэл үйлдэж, эд хогшил бусад зүйлс /ажлын үнэмлэх, улсын байцаагчийн тэмдэг, үнэмлэх, түлхүүр, лац, ном сэтгүүл, г.м/-ийг няравт хүлээлгэж өгнө.

Шаардлагатай бол ажил хүлээлцэх комисс томилно.

3.2.5. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтан тойрох хуудас бөглүүлж, санхүүгийн болон бусад холбогдох тооцоо хийсний дараа ажлаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг олгоно.

Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны хувийн хэргийг архивд өгөх буюу шаардлагатай тохиолдолд бусад байгууллагад шилжүүлнэ.

Дөрөв. Ажил олгогч болон  ажилтны эрх үүрэг

4.1. Ажил олгогч  дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ.

4.1.1. Төрийн  албаны стандартыг  мөрдөж төрийн албыг шуурхай  удирдлагаар  ханган  төрийн  албан хаагчдын үйл ажиллагааг оновчтой  зөв  зохион  байгуулж,  Төрийн  албаны  тухай  хууль,  Хөдөлмөрийн  тухай  хууль  тэдгээртэй  холбогдон  гарсан  бусад  эрх зүйн  актыг  хэрэгжүүлж  ажиллах.  

4.1.2. Төрийн  албан хаагчдын нөөцийн бүртгэлийг хөтөлж боловсон хүчний  бодлого боловсруулж  хэрэгжүүлэх.

4.1.3. Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулна.

4.1.4. Ажлын байр нэг бүрд албан тушаалын тодорхойлолт боловсруулагдах ба ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг албан тушаалын тодорхойлолт нэг байна. Албан тушаалын тодорхойлолтыг албаны даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг боловсруулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох бусад байгууллагын мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.

4.1.5. Ажилтны мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

4.1.6. Хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, идэвхжүүлэх, чанаржуулах зорилгоор санхүүгийн хяналтын улсын байцаагч, аудиторын мэргэжил, ур чадварын түшинг тогтоох шалгалтыг гурван жилд нэг удаа зохион байгуулна.

4.1.7. Холбогдох хууль тогтоомжоор баталсан төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг үндэслэн ажилтнуудын цалин хөлсийг тогтоож, сард 2 удаа тогтсон өдөр олгоно.

4.1.8. Албаны дарга ажилтны ажлын үр дүнг дараа оны 01 дүгээр сарын  10-ны дотор үнэлж дүгнэн зэрэг дэв олгуулах болон цалин хөлсөнд өөрчлөлт оруулах саналыг дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор холбогдох байгууллагад хүргүүлнэ.

4.1.9. Ажилтны ажлын үр дүнг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, бууруулах, шагнаж урамшуулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны албан хаагчид зэрэг дэв олгох асуудлыг Төрийн албаны тухай хууль, тогтоомж, холбогдох журмыг удирдлага болгон Төрийн албаны зөвлөлд уламжилна.

4.1.10. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг тоо бүртгэлийг  хөтөлж,  ажил  албан  тушаалд нь дүн шинжилгээ  хийж  албан тушаалын тодорхойлолт,  албан  тушаалын  чиг үүргийг нарийвчлан тодорхойлж эрхэлж буй ажлын онцлогтой нь  холбогдуулан  тэдгээрийн  эрх,  үүрэг  хориглох  зүйлийг  тогтоож  биелэлтэд  нь  хяналт  тавих.  

4.1.11. Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглүүлэн хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, бүртгүүлнэ.

 4.1.12. Ажилтныг эрүүл ахуйн хэвийн нөхцөлийг хангасан ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана. Нягтлан бодогч жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор дараа онд ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай бичиг хэргийн хэрэгсэл, багаж, техник хэрэгсэл, бусад материалын төсвийг боловсруулж албаны даргаар батлуулна.

4.1.13. Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулна.

4.1.14. Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина.

4.1.15. Албаны өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулна.

 4.1.16. Ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, баталгаажуулж байна.

4.1.17. Ажилтанд нэмэлт хөнгөлөлт, тэтгэмж, нөхөн олговор олгох асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журмын хүрээнд шийдвэрлэнэ.

4.1.18. Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож  байгууллага төлнө.

4.1.19. Ажилтныг  жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт байгууллагын зардлаар хамруулна.

4.1.20. Холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны асуудлаар холбогдох арга хэмжээ авах, албан хаагчдаас сургалтад хамрагдах, мэргэжил дээшлүүлэх болон ахуй амьдралын талаар тавьсан хүсэлтэд анхааралтай хандаж, шаардлагатай тохиолдолд материалын болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлж байх.

4.1.21. Нийтээр тэмдэглэх баяр ёслол болон ажилтны чөлөөт цаг, амралтыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулна.