Албаны дүрэм
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ,
ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ
ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Өвөрхангай
аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба /цаашид алба гэх/ нь хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих,
төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө
оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын
хүрээний байгууллага, аж ахуйн нэгжийн засаглал, эрсдэлийн удирдлага,
дотоод хяналтын тогтолцоонд дотоод аудит хийж
үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг
бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын
хүрээний хэрэгжүүлэгч агентлаг мөн.
1.2. Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь төсөв,
санхүү, дотоод аудитын холбогдолтой хууль, тогтоомж, стандарт, дүрэм, журам,
гэрээ болон дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын хүрээ, санхүү
төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хөтөлбөр,
арга зүй, аймгийн Засаг даргын шийдвэр, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа
удирдлага болгон мөрдөж ажиллана.
1.3. Энэхүү дүрэм нь санхүүгийн
хяналт шалгалт, дотоод аудитын үйл
ажиллагааны зорилго, хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт болон санхүүгийн
хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, (ахлах) дотоод аудиторын эрх, үүргийг
тодорхойлж, санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааг явуулах, хөндлөнгийн
аудитын байгууллагатай хамтарч ажиллах зэрэг харилцааг зохицуулна.
1.4.Алба нь санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага болон аймгийн бодлого, стратеги, зорилттой уялдуулан,
аймгийн Засаг даргын шууд удирдлага дор үйл ажиллагаагаа явуулна.
1.5. Албаны
төсөвт зардлыг аймгийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.
1.6. Алба нь тогтоосон журмын дагуу хийгдсэн билэгдэл,
тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба Төрийн санд данстай
байна.
1.7. Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дүрмийг
аймгийн Засаг дарга батлах бөгөөд батлагдсан дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж,
гэрчилгээ авна.
Хоёр. Санхүүгийн
хяналт, дотоод аудитын албаны удирдлага, зохион
байгуулалт
2.1.Алба нь
дарга бөгөөд улсын ахлах байцаагч, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах
байцаагч, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, ахлах дотоод аудитор,
дотоод аудитор, дотоод ажил харуцсан мэргэжилтэн, архив, бичиг хэргийн ажилтан,
нягтлан бодогч, жолооч, санхүүгийн хяналт шалгалтын тасаг, дотоод аудитын тасаг
гэсэн 2 нэгжтэй байхаар бүтэц орон тоог зохион байгуулна.
2.2. Албаны орон тоо, цалингийн санг аймгийн төсвийн
ерөнхийлөн захирагч Төсвийн тухай хуулийн дагуу жил бүр тогтоож, зардлыг тухайн
жилийн аймгийн төсөвт тусгана.
2.3. Албаны даргыг албан тушаалын тодорхойлолтод тусгасан
шаардлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн аймгийн Засаг дарга томилж,
чөлөөлнө.
2.4. Албаны дарга нь аймгийн Засаг даргаар гүйцэтгэлийн
төлөвлөгөөг хянуулж, дүгнүүлж, Дотоод аудитын хороонд ажлаа тайлагнаж ажиллана.
2.5. Албаны дарга нь Дотоод аудитын хороотой шууд
мэдээлэл солилцож, аливаа хориг саадгүй харилцана.
2.6. Албаны дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол улсын
хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргах ба байгууллагын хэмжээнд сахилга, дэг журам,
ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг сахиулж, ажлын цаг ашиглалт, өмч хөрөнгийн хадгалалт,
хамгаалалт, бүрэн бүтэн байдал, албаны хэвийн үйл ажиллагаа, өдөр тутмын
удирдлагаар хангаж ажиллана.
2.7. Албаны дарга нь дотоод үйл ажиллагаандаа мөрдөх
хөдөлмөрийн дотоод журам боловсруулан, хамт олны хурлаар хэлэлцүүлэн, тушаалаар
баталж, мөрдүүлнэ.
2.8. Албаны дарга нь батлагдсан бүтэц, холбогдох хууль,
журмын дагуу батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг тухайн албан
тушаалын тодорхойлолтод заасан тавигдах шаардлага, нөхцөл болзлыг хангасан
иргэнийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулж томилж,
чөлөөлнө.
2.9. Албаны дарга албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг
баталж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын үр дүнг бодитойгоор үнэлж, дүгнэнэ.
2.10. Албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг аймгийн
Засаг дарга холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, баталж, мөрдүүлж,
ажиллана. Албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, (ахлах) дотоод
аудитор, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн бусад үйлчилгээний ажилтнуудын албан
тушаалын тодорхойлолтыг албаны дарга
холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, баталж, мөрдүүлж, ажиллана.
2.11. Албаны албан хаагчид нь энэхүү дүрэм болон албан
тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба
байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллана.
2.12. Алба нь санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын
үйл ажиллагааны явц байдал, үр дүнгийн талаар аймгийн Засаг даргад танилцуулж,
ажиллана.
2.13. Алба нь гэрээт дотоод аудитор, үйлчилгээний ажилтныг
шаардлагатай тохиолдолд ажиллуулж болно. Гэрээт ажилтантай хөдөлмөрийн гэрээ
байгуулна.
2.14. Алба нь
санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын сургалтыг мэргэжлийн байгууллагатай
хамтран зохион байгуулж болно.
2.15. Алба нь гүйцэтгэсэн хяналт шалгалтын дүн, дотоод
аудитын ажлын тайланг Дотоод аудитын хороонд тайлагнаж, холбогдох шийдвэрийг
гаргуулж ажиллана.
2.16. Алба нь орон нутгийн
бодлого, стратеги төлөвлөгөөтэй ажлаа уялдуулна.
Гурав.Үйл ажиллагааны зорилго
3.1. Албаны үйл
ажиллагааны зорилго нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсөв
санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх, улсын
салбарын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын үр нөлөөг
үнэлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжөөр шийдвэр
гаргагч нарыг хангах, дэмжлэг үзүүлэх.
Дөрөв.Үйл ажиллагааны зарчим
4.1. Албаны үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат
бус байж, хяналт шалгалт, дотоод аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар
тайлагнах, багаар ажиллах зарчим баримтална.
Тав.Үйл ажиллагааны үндсэн
чиглэл
5.1. Санхүүгийн
хяналт, дотоод аудитын албаны үйл ажиллагаа нь дараах чиглэлтэй
байна:
5.1.1. Санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр:
5.1.1.1. Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль
тогтоомж, Засгийн газрын шийдвэр
болон түүнийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм,
журам, заавар, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх.
5.1.1.2. Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт,
төсөвт байгууллагын хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, төсвийг зүй зохистой, үр ашигтай зарцуулсан байдалд хяналт шалгалт хийх.
5.1.1.3. Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс
олгосон тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн
хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага,
иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн
ашиглалт, зарцуулалтад хяналт шалгалт хийх.
5.1.1.4. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт,
түүний үр ашигтай байдалд хяналт
шалгалт хийх.
5.1.1.5 Анхан шатны баримт бүрдүүлэлт болон нягтлан бодох
бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд тусгагдсан байдалд хяналт шалгалт хийх.
5.1.1.6. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа,
ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх.
5.1.1.7. Гэрээний үндсэн дээр улс, орон нутгийн өмч,
хөрөнгөөр ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн
үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх.
5.1.1.8. Орон нутгийн татварын орлого бүрдүүлэлтэд хяналт
шалгалт хийх.
5.1.1.9. Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас төрд
учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх
чиглэлээр хяналт шалгалт хийх.
5.1.2. Дотоод аудитын чиглэлээр:
5.1.2.1. Байгууллагын дотоод хяналтын болон засаглалын
байдалд дотоод аудит хийх.
5.1.2.2. Эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай
байдалд дотоод аудит хийх.
5.1.2.3. Орон нутгийн төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод
аудит хийх.
5.1.2.4. Орон нутгийн төсвийн төлөвлөлт, орлогын
бүрдүүлэлтэд дотоод аудит хийх.
5.1.2.5. Батлагдсан орон тоо, цалингийн санд дотоод аудит
хийх.
5.1.2.6. Нягтлан бодох
бүртгэлийн үнэн зөв, найдвартай байдалд дотоод аудит хийх.
5.1.2.7. Төсвийн
ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тусгайлан явуулах дотоод аудит.
5.1.2.8. Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд
тодорхойлсон бусад дотоод аудит.
5.2. Санхүүгийн хяналт, дотоод аудитын үйл ажиллагаа нь
холбогдох хууль, тогтоомж болон Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын
стандартад нийцсэн, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв
байгууллагаас баталсан стандарт, арга зүйн хүрээнд явагдана.
5.3. Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, (ахлах)
дотоод аудитор нь шалгалтаар тогтоогдсон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах
талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон танилцуулга, тайлан, дүгнэлт,
санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн
үйлдлийг таслан зогсоох албан шаардлага, төрд учирсан хохирлыг төлүүлэх акт
бичнэ.
Зургаа. Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, (ахлах)
дотоод аудиторын эрх, үүрэг
Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, (ахлах)
дотоод
аудитор нь дараах эрхтэй байна:
6.1.1. Санхүүгийн
хяналт шалгалт, дотоод аудитад хамрагдагч байгууллагын дотоод нэгж,
хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцах.
6.1.2. Холбогдох
албан хаагчтай уулзалт, ярилцлага хийх.
6.1.3. Санхүүгийн
хяналт шалгалт, дотоод аудитад хамаарах бичмэл, цахим баримт, мэдээлэл, материалыг гаргуулан
авах, хяналт шалгалт, дотоод аудит хийх
объектод саадгүй нэвтрэх.
6.1.4. Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын
үйл ажиллагаанд шаардлагатай байр, тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглах.
6.1.5. Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитаар
санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулахтай шууд холбоотой баримт бичигтэй
танилцах хүсэлтээ прокурорын байгууллагаас
зөвшөөрөл авч холбогдох банк, санхүүгийн байгууллагад тавих.
6.1.6. Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитаар тогтоосон акт, албан шаардлага, өгсөн
зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах.
6.1.7. Хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.
6.2. Санхүүгийн
хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч, /ахлах/ дотоод
аудитор нь дараах үүрэгтэй байна:
6.2.1. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль
тогтоомж, Төрийн захиргааны албан
хаагчийн болон Олон улсын Дотоод аудиторуудын институтээс
гаргасан дотоод аудиторын ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах.
6.2.2. Санхүүгийн
хяналт шалгалт, дотоод аудитын явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах.
6.2.3. Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын
явцад танилцсан, олж авсан бүх баримт бичиг, мэдээллийг зөвхөн хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагаанд ашиглах.
6.2.4. Мэргэжлийн ур чадвар, мэдлэг, чадвараа тасралтгүй
дээшлүүлэн хөгжүүлэх.
6.2.5. Санхүүгийн
хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, (ахлах) дотоод аудитор нь
аливаа асуудалд шударга, бодит байдалд нийцүүлэн хандах бөгөөд хувийн ашиг сонирхлын
зөрчлөөс ангид ажиллах.
6.2.6. Санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/
байцаагч, /ахлах/ дотоод аудитор нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон байгууллагын
дотоод журмыг ёсчлон биелүүлэх үүрэгтэй.
6.2.7. Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тэмдэглэл, танилцуулга,
тайлан, дүгнэлт, зөвлөмж, албан шаардлага, актыг хууль тогтоомжид нийцүүлэн, баримт нотолгоонд үндэслэн
гаргах ба шалгалтын материалд тусгагдсан тоо
баримт, мэдээллийн үнэн зөвийг хариуцах.
6.2.8. Хяналт шалгалт, дотоод аудитын акт бусад материалыг
шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах.
6.2.9. Шалгалт, дотоод аудитын дүнгээс гарсан аливаа шийдвэрийн
биелэлтэд хяналт тавьж, түүнийг хангуулах арга хэмжээ авах ба биелэлтийг
нотолсон баримтыг цуглуулсан байх.
6.2.10. Хяналт шалгалт, дотоод аудитаар илэрсэн зөрчил,
дутагдал нь авлига, ашиг сонирхол, гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох
байгууллагад уламжлах.
Долоо. Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг төлөвлөх, хэрэгжүүлэх
үе шат
7.1. Алба нь байгууллагын стратеги төлөвлөгөө, дотоод аудитын дунд хугацааны төлөвлөгөөг
тус бүр 4 жилээр, үйл
ажиллагааны төлөвлөгөөг 1 жилээр
боловсруулан, Дотоод
аудитын хороогоор хэлэлцүүлж, Засаг даргаар батлуулна.
7.2. Албаны
жилийн төлөвлөгөөний дагуу санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг явуулахдаа
төлөвлөх, гүйцэтгэх, үр дүнг тайлагнах, санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитаас
гарсан шийдвэр, зөвлөмжийн
мөрөөр ажиллах гэсэн үе шатыг баримтлан гүйцэтгэнэ.
7.3. Санхүүгийн
хяналт шалгалт хийх удирдамжийг албаны дарга, дотоод аудитын удирдамжийг аймгийн Засаг дарга тухай бүр батална.
7.4. Санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч,
/ахлах/ дотоод
аудитор нь санхүүгийн хяналт шалгалт
болон дотоод аудитын үйл ажиллагаа явуулж, санхүүгийн хяналт шалгалтын болон дотоод аудитын
тайланг бэлтгэн албаны даргад
танилцуулж, Дотоод аудитын хороогоор хэлэлцүүлэн, шийдвэрийг хяналт шалгалт, дотоод аудит
хийлгэсэн байгууллага, нэгжид хүргүүлнэ.
7.5. Санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч,
/ахлах/ дотоод
аудитор нь хяналт шалгалтаар
тогтоогдсон акт, албан шаардлага, зөвлөмж, түүний мөрөөр авах
арга хэмжээний хэрэгжилтэд улирал тутам хяналт тавьж ажиллана.
7.6. Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга дараах асуудлаар Дотоод аудитын хороо
болон аймгийн Засаг даргад танилцуулж,
тайлагнана.
7.6.1.Санхүүгийн хяналт шалгалт болон гүйцэтгэсэн дотоод аудитын дүн.
7.6.2.Санхүүгийн
хяналт шалгалт, дотоод аудитын жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн
явц.
7.6.3. Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын зөвлөмж,
шийдвэрийн хэрэгжилт.
7.6.4. Санхүүгийн
хяналт шалгалт, дотоод аудит хийгдсэн байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд
анхаарвал зохих асуудал, холбогдох
албан тушаалтанд хариуцлага тооцох санал.
Найм. Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын ажлын баримт
8.1. Санхүүгийн
хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнал, хяналт шалгалтаар тогтоогдсон акт, албан
шаардлага, зөвлөмжийн мөрөөр авах арга хэмжээний үе шат бүрийн явцад
хийсэн бүх үйл ажиллагаанд ажлын баримт бэлтгэн зохих стандартын дагуу архивын
нэгж үүсгэн,
архивт хүлээлгэн өгнө.
8.2. Энэхүү дүрмийн 8.1-д заасан ажлын баримтыг маргаан гарсан
тохиолдолд санхүүгийн хяналт шалгалт,
дотоод аудитын
үр дүнг магадлах болон чанарын хяналтын хараат бус үнэлгээ хийхэд ашиглана.
Ес. Хараат бус байдал
9.1. Санхүүгийн
хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагаа нь бие даасан,
хараат бус байдлаар явагдана.
9.2. Санхүүгийн
хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, (ахлах) дотоод
аудитор нь санхүүгийн хяналт шалгалт,
дотоод
аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй
нөлөөллийн талаар Санхүүгийн хяналт, дотоод
аудитын албаны дарга болон аймгийн Засаг дарга, Дотоод аудитын хороонд мэдээлнэ.
9.3. Аймгийн Засаг
дарга
нь санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах)
байцаагч болон (ахлах) дотоод аудитор ажил үүргээ хараат бусаар,
аливаа нөлөөлөлд автахгүйгээр гүйцэтгэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, ажиллах
нөхцөл боломжийг хангана.
Арав. Хөндлөнгийн аудиттай харилцах
10.1. Алба нь
Төрийн аудитын байгууллагатай дараах хүрээнд хамтран ажиллаж болно:
10.1.1. Жилийн ажлын төлөвлөгөө болон тайланг
харилцан мэдээлэх
10.1.2. Хамтарсан
сургалт зохион байгуулах, арга зүй, туршлага судлах, солилцох
10.1.3. Харилцан мэдээлэл солилцох.
Арван нэг. Шалгагдагч байгууллагын удирдлага, албан хаагчдын үүрэг
11.1. Санхүүгийн
хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааг явуулах үед санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, (ахлах)
дотоод
аудиторын шаардсан мэдээ, материал, лавлагаа, тайлбарыг хяналт шалгалт, дотоод аудит хийлгэж байгаа
байгууллага, хуулийн этгээдийн удирдлага, албан хаагч нар хугацаанд нь гарган өгөх бөгөөд
шаардлагатай тохиолдолд ярилцлага, санал асуулга хийхэд оролцох үүрэгтэй.
11.2. Санхүүгийн
хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, (ахлах) дотоод аудиторын
гаргасан акт, албан шаардлага, дүгнэлт,
зөвлөмжийг
байгууллагын удирдлага, албан хаагчид хэрэгжүүлэх үүрэгтэй.
Арван хоёр. Бусад
12.1. Энэ
дүрэмд шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд уг
өөрчлөлтийг тухай бүр аймгийн Засаг даргаар батлуулж, эрх бүхий байгууллагад
мэдэгдэх ба тэдгээр нь дүрмийн бүрэлдэхүүн хэсэг болж мөрдөгдөнө.